Би цэл залуухан 26 настайгаасаа цусаа хандивлаж эхэлсэн. Нийт 45 жилийн туршид 38 литр цус хандивлаж, 4400 хүний амь насыг авран хамгаалсан маань энэ насны минь хамгийн том бахархал. 1980-аад онд цус хандивлана гэдэг ойлголт тийм ч түгээмэл байсангүй. Хүмүүс осол эндэгдэлд орох, төрөхийн хүндрэл үүсэхэд цус сэлбэх шаардлага гардаг нь өнөөгийнхтэй л ижил. Гэхдээ эмнэлгийн орчин нөхцөл, цус бүрдүүлэх тогтолцоо өнөөдрийнх шиг сайн байгаагүй. Цус сэлбүүлж байгаа хүн, хандивлаж буй донор хоёрыг нэг системээр холбоод л цусаа өгдөг байсан үе бий. Ийм байдлаар 3-4 жил цусаа өгсөн. Хамгийн тод санаж байгаагаас гэвэл, Манай аймгийн жолооны багшийн бэр төрөхийн хүндрэл үүсээд, амь насны халтай, хүнд байна гэдэг мэдээ дуулгадаг юм байна. Миний цусны бүлэг таарвал хүнд тус хүргэнэ гээд л яваад очсон. Тэгсэн цусны бүлэг ч таарлаа. Яаралтай сэлбэх хэрэгтэй гэснээр би цонхны гадна зогсож байгаад шууд л судаснаас судасруу цус дамжуулсан. Охины бие тэнхэрсэн гэдэг л хангалттай бахархал төрүүлсэн ч, дараа нь тэдний гэр бүлийнхэн зорьж ирээд цэцэг өгч, талархлаа илэрхийлсэн нь сэтгэлд гүн үлджээ. Ер нь үүн шиг байдлаар олон ч дуудагдагдаж цусаа өгсөн. Ийм хүний бие муу байна. Хүрээд ир л гэнэ. Угтаа бол эрэгтэй хүн хоёр сард нэг удаа, эмэгтэй бол гурван сард нэг удаа цус өгч болно. Гэтэл хоёр сар ч гүйцээгүй байхад дуудах нь бий. Би саяхан өгсөн гэдгээ ч хэлнэ. Цаг бага байна. Таны цус таараад байгаа юм гэхээр нь өгчихдөг л байсан. Хэнд цус өгч байгаагаа ч мэдэхгүй. Өө бүлэг чинь таарч байна л гэдэг. Тус л болж байгаа бол хэнд цус сэлбэх нь бас нэг их хамаагүй л дээ. Харин одоо бол хэнд цус маань очиж байгааг мэдэх боломжтой болсон юм билээ.